Юуны өмнө та валютын зах зээл бол төвлөрлийг сарниулсан зах зээл гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь хувьцааны зах зээл шиг төвлөрсөн арилжаа биш, худалдан авагч болон худалдагч нь хөрөнгийн биржийн тусгай брокероор дамжин арилжаа хийдэг.
Валютын зах зээлд Нью Йоркийн хөрөнгийн бирж гэх мэт зөвхөн нэг үнийн саналтай төвлөрсөн зах зээлд орох шаардлагагүй. Мөн аль ч валют аль ч үед нэг үнэтэй байдаггүй, энэ нь үнийн санал нь өөр өөр валютын дилерээс хамааран өөр өөр байна гэсэн үг.
Валютын зах зээл маш том, үнийн санал гаргагч (ликвид үүсгэгч) хоорондын өрсөлдөөн маш ширүүн тул та аль ч мөчид хамгийн сайн үнийн саналыг авах боломжтой.
Мөн валютын арилжаа нь маш сонирхолтой зүйл, та хаанаас ч арилжаа хийх боломжтой.
Валютын зах зээлийн түвшин
Валютын зах зээл төвлөрлийг сарниулсан ч эмх замбараагүй биш. Валютын зах зээлийн оролцогчид өөр өөр түвшний хэлбэрээр зохион байгуулагдаж болно.
Түвшний хамгийн дээд талд банк хоорондын валютын зах зээл байдаг. Валютын зах зээл бол "төвлөрлийг сарниулсан" зах зээл бөгөөд арилжаа бүрийг бүртгэх төв бирж байхгүй. Үүний дотор валютын худалдан авах, зарах үнийн зөрүүг үүсгэх хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь томоохон банкууд юм. Тэд өөрсдийн эсвэл үйлчлүүлэгчдийнхээ төлөө харилцан арилжаа хийдэг тул тэдний хоорондын арилжаа хийгддэг зах зээлийг "банк хоорондын зах зээл" гэж нэрлэдэг.
Банкуудын хоорондын өрсөлдөөн нэлээд ширүүн бөгөөд энэ нь боломжийн спрэд болон шударга үнийн саналыг баталгаажуулдаг. Банк хоорондын зах зээл хувь хүний хөрөнгө оруулагчдад нээлттэй биш бөгөөд энэ зах зээлийн гол тоглогчид нь хэдэн арван саяас хэдэн зуун сая ам.доллар (ойролцоогоор 3.4-34 тэрбум төгрөг)-аас дээш хөрөнгөтэй томоохон хедж фондууд болон олон улсын компаниуд юм.
Энэ зах зээл дэлхийн хамгийн том банкууд болон бусад жижиг банкуудаас бүрдэх бөгөөд энэ зах зээлийн оролцогчид хоорондоо шууд арилжаа хийдэг, эсвэл дуут холбоо болон цахим брокер (жишээ нь EBS эсвэл Refinitive)-ээр дамжин хоёр талын арилжаа хийдэг.
EBS болон Refinitive (хуучнаар Reuters Matching) нь бие биенийхээ зах зээлийн хувийг авахын төлөө ширүүн өрсөлдөж байна. Хоёулаа дийлэнх үндсэн валютын хосуудын үнийн саналыг өгдөг ч нэг талын санал болгодог валютын хосын ликвид нөгөөгөөсөө өндөр байж болно.
EBS платформын хувьд EUR/USD, USD/JPY, EUR/JPY, EUR/CHF болон USD/CHF-ийн ликвид илүү хүчтэй. Мөн Refinitive-ийн хувьд GBP/USD, EUR/GBP, USD/CAD, AUD/USD болон NZD/USD-ийн ликвид илүү сайн байдаг.
Банк хоорондын валютын зах зээлд оролцдог бүх банк өөрсдийн санал болгож буй хүүг харж болох ч энэ нь аль нэг тал тэр үнээр арилжаа хийж чадна гэсэн үг биш.
Бодит амьдрал шиг л банк хоорондын зах зээлийн хүү нь арилжааны түншүүдийн хооронд аль хэдийн бий болсон зээлийн харилцаанаас голчлон хамаардаг. Таны зээлийн зэрэглэл өндөр, банк хоорондын зах зээлд нэр хүнд чинь сайн байх тусам та илүү таатай хүү болон илүү их хэмжээний зээл авах боломжтой.
Валютын зах зээлийн дараагийн түвшин нь хедж фонд, олон улсын компани, маркет мейкер болон жижиглэнгийн ECN арилжааны сүлжээ юм. Эдгээр байгууллагууд банк хоорондын зах зээлтэй нягт зээлийн харилцаагүй тул тэд арилжааны банктай арилжаа хийх шаардлагатай болдог. Энэ нь тэдний хүү банк хоорондын зах зээлийн оролцогчдоос бага зэрэг өндөр байна гэсэн үг.
Валютын зах зээлийн түвшинд хамгийн төгсгөлд нь жижиглэнгийн валютын арилжаачид байдаг.
Өмнө нь бид жижиглэнгийн хөрөнгө оруулагчид валютын зах зээлд оролцох нь маш хэцүү байсан ч интернэт технологи, цахим арилжаа болон жижиглэнгийн брокерууд гарч ирснээр жижиглэнгийн арилжаачдын валютын арилжаанд орох босго бараг арилсан.